Дундговь аймгийн “Хүний нөөцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”- ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор МОРА ТББ-тай хамтран аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Худалдаа аж үйлдвэрийн танхим Дундговь дахь салбараас “Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, МОРА ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Тошихару Оки, удирдах зөвлөлийн дарга Д.Уранцэцэг, ерөнхийлөгч Д.Нарантуяа нар оролцсон бөгөөд зөвлөгөөнд худалдааны салбарт ажиллаж байгаа ажилтан, худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 200 орчим төлөөлөгч оролцлоо.
Тус зөвлөгөөнийг худалдаа үйлчилгээний салбарын хөгжлийг боловсронгуй болгох, Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн сүлжээ дэлгүүрийн тогтолцоог бүрдүүлэх, Үндэсний үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын хөгжлийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэн хөгжлийн төлөө хэрхэн хамтарч ажиллах боломжууд байгааг тал талаасаа хэлэлцэн тодорхой шийдэлд хүрэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Тус салбар нь хүн амын эрүүл аж төрөх, хүнсний аюулгүй байдлыг хангахад худалдаа шууд нөлөөлж байдгаараа онцгой салбар” хэмээн дурдаад, цаашид худалдааны салбарын хөгжлийг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардагдах дэд бүтэц, худалдааны ложистик сүлжээг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, үйлдвэрлэл технологи, инновацыг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн шинэ хүчин чадлыг бий болгож, хөдөө аж ахуйн анхдагч түүхий эдийн боловсруулалтын түвшин, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих, Үндэсний үйлдвэрлэлийг гадаад зах зээлд нэвтрүүлэх, орон нутгийн худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүн амын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зэрэг хэрэгжүүлэх ажил их байгааг онцлов.