Өнөөдөр аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб энэ сарын 22-ны өдөр хуралдлаа. Тус хуралд аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Онцгой комиссын орлогч дарга М.Анхбаяр болон шуурхай штабын гишүүд оролцож, сумдтай цахимаар холбогдов. Хурлаар сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, аймгийн Онцгой комиссоос өгсөн үүргийн биелэлтийг сонссон байна. Мөн холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож, цаг үеийн асуудлаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэр гаргалаа.
Хурлаар сумдад өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчин өрхийн хувийн бэлтгэлийг хангуулахад хяналт тавих, сумдын халаалтын үйл ажиллагаанд хяналт тавих, Шуурхай штабын эргүүл жижүүрийн үйл ажиллагааг идэвхжүүлж, өдөр бүр аймгийн Шуурхай штабт мэдээлэл ирүүлж байх талаар үүрэг өгсөн байна.
Мөн гамшгаас хамгаалах орон нутгийн албадын техник хэрэгсэл, хүн хүчний бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, нөөцийг бүрдүүлэх, хүйтний улиралд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх дадлага сургалт зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.