Өнөөдөр улсын Онцгой комиссын Шуурхай штабаас аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй холбогдож, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ц.Мөнхбат аймаг орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, зудын эрсдэлийн үнэлгээг танилцуулж, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, эрүүл мэнд, ус, цаг уурын чиглэлээр нөхцөл байдлын мэдээ мэдээллийг өгсөн юм.
Мөн аймгийн Онцгой комиссоос улсын Онцгой комисст шатахууны нөөцийг нэмэгдүүлж, хангалттай нөөцийг бүрдүүлэх, өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэн, үнийн хөнгөлөлт үзүүлэх, эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх, халаалтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрсийг Таван толгой ХК, Энержи ресурс ХХК зэрэг уул, уурхайн компаниудаас хөнгөлөлттэй үнээр авах зэрэг асуудлуудыг уламжилж, санал хүсэлтээ илэрхийлэв.
Түүнчлэн улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хаяг, байршлыг тогтоох what3word аппликейшнийг малчдад хүргэх, малчдын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах талаар аймгийн Онцгой комиссын гишүүдийг бүрэн дайчлан ажиллуулах, ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн амралттай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, отор нүүдлээр яваа малчин эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхдүүд төдийгүй эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах талаар үүрэг чиглэл өглөө.