Дундговь аймгийн Сайнцагаан сумын хүүхдийн 2-р цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, энэ сарын 26-ны өдөр буюу шинийн 15-ны билэгт сайн өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон холбогдох албаны хүмүүс, багш, ажилчид, асран хамгаалагчид, хүүхдийн төлөөлөл, тус цэцэрлэгийн ахмад ажилчид оролцов.
Тус цэцэрлэгийг улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Энх баялаг констракшн” ХХК барьж, хугацаанд нь ашиглалтад оруулсан бөгөөд барилгын зураг төсвийг “Бест онцгой дизайн” ХХК боловсруулж гүйцэтгэсэн байна.
Энэхүү цэцэрлэг нь 1959 онд аймгийн Гүйцэтгэх захиргааны шийдвэрээр аймгийн үйлдвэр хоршооллыг түшиглэн 2 гэр, 1 байшинтайгаар анх байгуулжээ. Тухайн үедээ улсын төсвөөс санхүүждэг 50 хүүхэдтэй, 2 бүлэгтэй 7 ажилтантай байсан байна. 1964 онд 2 давхар цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор үйл ажиллагаа нь жигдэрч шинэ сургалтын программаар хичээллэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 24 багш, ажилтантай 150 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгон ажиллаж байгаа юм.