Аймгийн Онцгой комиссын 2024 оны 01 дүгээр хурал энэ сарын 3-нд 68,1 хувийн ирцтэй хуралдав. Хурлыг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Мөнхбат даргалж, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, худалдан авалт хийх талаар болон цаг үеийн холбогдолтой бусад асуудлыг хэлэлцлээ.
Нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллахаар шийдвэрлэжээ. Мөн өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өвс тэжээлийн шууд худалдан авалтыг зохион байгуулахаар болсон байна.
Энэ үеэр сумдын Засаг дарга нар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс хүргүүлсэн албан бичгийн дагуу хээрийн цасны хэмжилт хийх, цаг агаарын мэдээллийг иргэдэд хүргэх масс мессежний эрх сунгах төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, хүнс, хөдөө аж ахуйн газраас малчдын малыг амьдаар борлуулах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, сумдын Засаг дарга нар хамтран ажиллахыг тус тус үүрэг болгожээ.
Мөн Адаацаг сумын халаалтын үйл ажиллагааг яаралтай хэвийн байдалд оруулах арга хэмжээг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс зохион байгуулах үүрэг, чиглэлийг өглөө.