Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагууд, сумдын удирдлагуудын удирдах ажилтнуудын шуурхай хурал өнөөдөр буюу 01 дүгээр сарын 08-ны өдөр боллоо. Тус хурлаар жилийн эцсийн байдлаар зохион байгуулсан онцлох ажлууд болон он гарсаар хийгдэж байгаа ажлын мэдээллүүдтэй танилцаж, 2024 оны 01, 02 тоот захирамжуудын хэрэгжилтийг хангаж ажиллах, 2024 оны төлөвлөлт, ойрын хугацаанд гүйцэтгэх үйл ажиллагааны талаар чиглэл өглөө.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн зорилтот жилийн ажлын төлөвлөгөө зэрэг бодлого, төлөвлөлттэй уялдуулан, холбогдох журмын дагуу энэ онд хийгдэх ажлын төлөвлөлтийг чанартай хийж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нийт удирдлагуудад чиглэл болголоо. Мөн аймгийн Гэр бүл, хүүхэд хамгааллын газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж, аймгийн Засаг даргын Тамгын газарт Залуучуудын хөгжлийн төвийн бүтэц батлагдаж байгаатай холбогдуулан байгууллага бүр залуучуудын зөвлөлийн судалгааг гаргаж ирүүлэх, улмаар тус бүтцэд тулгуурлан залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг нийгмийн бүхий л салбар луу чиглүүлж ажиллах талаар онцолсон юм.
Аймгийн Засаг даргын 2024 оны 01 тоот захирамжаар “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил” болгон зорилт дэвшүүлсэн ба байгууллага бүр хүүхэд, гэр бүлд чиглэсэн 1-с доошгүй ажлыг төлөвлөхөөс гадна, хүүхдийн хамгаалал, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн бодитой ажлыг санаачлан хэрэгжүүлэх, жишээлбэл ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдол, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанууд, хүүхэд гэр бүлд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд хамруулах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөж ажиллахаас гадна Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын газар манлайлж, санаачилгатай ажиллах шаардлагатай гэдгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат анхааруулж хэллээ.
Мөн сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт үндэсний хувцсаа өмсөж, өв соёлоо хадгалж үлдэх 02 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авах ажиллагааны ажлыг 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулах, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Төсөв-2023” нээлттэй хэлэлцүүлэгт хүүхдийн сан байгуулахаар шийдвэрлэсний дагуу тус сангийн журмыг яаралтай боловсруулах мөн иргэдээс гаргаж буй санал, хүсэлтийн дагуу Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдын электрон тамхины хэрэглээнд хяналт тавих, судалгаа мэдээллийг мэргэжлийн байгууллагууд гаргаж, хүүхдүүдэд электрон тамхи борлуулахыг хориглох шаардлагатай эсэхийг судлан танилцуулах, өнгөрсөн 2023 онд аймгийн удирдлагууд Бүгд найрамдах Солонгос улсад ажлын айлчлал хийж тус айлчлалын хүрээнд Солонгос улстай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Дундговь аймагт Солонгос хэлний сургалтын төв байгуулах зэрэг ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагад тус тус үүрэг болголоо.