Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг даргын Тамгын газар, Архивын тасаг, номын сан, Музей, Сайнцагаан сумын ИТХ-тай хамтран Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд аймгийн Архивын тасгаас Төрийн архивын Алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ардын Их Хурлын депутатуудын Их цааз буюу Үндсэн хуулийг боловсруулахад оролцож байсан түүхэн баримт бичгийн үзэсгэлэнг дэлгэн сонирхуулсан бол аймгийн Төв номын сан, Музейд хадгалагдаж байгаа бүтээлүүдээр мөн үзэсгэлэн гаргасан байна.