Япон улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга бөгөөд Соёл, мэдээллийн хэлтсийн дарга ИТО Ёрико, хэлтсийн ажилтан Б.Гэрэл нар хоёрдугаар сарын 29-нд Дундговь аймагт ажиллан, орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны санал солилцов.
Уулзалтын үеэр орон нутгийн удирдлагуудын зүгээс Япон улсын санхүүжилттэй хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд манай аймагт үр дүнтэй хэрэгжиж буйг онцлоод цаашид мөн үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санал уламжилсан юм.
Тухайлбал Элчин сайдын яамны Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилгын шинэчлэл, засварын ажил амжилттай хэрэгжсэн тул үргэлжлүүлэн хамтран ажиллах саналаа илэрхийлжээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилттэй Үдийн хоолны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл Дундговь аймагт улсын жишиг болон хэрэгжиж байгааг онцлохын зэрэгцээ тус улсын Мора ТББ-тай хамтран газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байгаа талаар ярилцав.
Мөн Эхиме мужийн Сейёо хоттой соёл урлагийн болон салбар бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах талаар саналаа уламжиллаа.
Японы Элчин сайдын яамнаас Эхиме мужийн Сейёо хоттой орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах, тус улсад ажиллах хүчин, өсвөр насныхан мэргэжил боловсрол олгох сургуулиудад суралцах боломжтой талаар саналаа илэрхийлэв. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад Япон Улсад тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар танилцуулга хүргэсэн юм.