Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын захирамж, сумын Онцгой комиссын шийдвэрээр хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, шар усны үерт өртөх эрсдэлтэй, малын хорогдол ихтэй малчдад хүн хүч, сэтгэл санаа, эд материал, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор "Нэг байгууллага-Нэг малчин өрх" уриалгыг дэвшүүлжээ.
Энэхүү аянд аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулдаг төсөвт байгууллагууд болон төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалсан юм. Аянд одоогийн байдлаар Сайнцагаан сумын 20 гаруй малчин өрхөд цас цэвэрлэж, зам гаргах, өвс тэжээл өгөх зэргээр тусламж үзүүлсэн бөгөөд тус аян нь өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусах хүртэл үргэлжлэх юм.