Монгол улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайд Ричард Буанган өнөөдөр Дундговь аймагт айлчиллаа. Айлчлалын хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар хүлээн авч, уулзалт хийн орон нутгийн нийгэм эдийн засгийн байдал, хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцуулав.
Уулзалтын үеэр манай аймагт хэрэгжүүлж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар танилцуулан, Элчин сайдын яамаар дамжин хэрэгжүүлдэг Америкийн Нэгдсэн Улсад дадлагажих, туршлагажих хөтөлбөрт орон нутгийн боловсон хүчнийг хамруулан хүний нөөцийг бэхжүүлэх санал уламжилсан байна. Мөн Элчин сайдын яамны соёлын өвийг хамгаалах сангийн хүрээнд орон нутгийн биет болон биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар хүсэлт илэрхийллээ.
Элчин сайдын яамны зүгээс Дундговь аймаг өв соёлын арвин их түүхтэйг онцлон, эдгээрийг хамгаалах, сэргээх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцлоод орон нутагт хүний нөөцийг татах, тогтвор суурьшилтай ажиллах чиглэлээр бодлого хэрэгжүүлж байгаад сайшаан, хамтран ажиллах боломжтой талаар саналаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн айлчлалын үеэр Элчин сайд Ричард Буанган Ерөнхий боловсролын сургуульд зочилж, сурагчидтай яриа хийх ба Ид шидийн орны үйл ажиллагаатай танилцах аж.