Энэ сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн тавдугаар хурал есөн гишүүний ирцтэй танхимаар хуралдаж, 16 асуудлыг хэлэлцэв.
Тавдугаар сарын 6-13-ны хооронд Дундговь аймагт зохион байгуулах 100 буудалт даамын Улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн шигшээ тэмцээнд дэмжлэг үзүүлэх, Шугаман бүжгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдод болон Дүрслэх урлаг, технологийн хичээлийн Улсын олимпиадад оролцох сурагчдад дэмжлэг үзүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Хүүхдийн хоол, тэжээлээс авах амин дэм, шимт хоолны цэсийг нэмэгдүүлэх зорилгоор Дундговь аймгийн хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Хүүхдийн шим тэжээлт хоол” тогооч нарын ур чадварын уралдаанд дэмжлэг үзүүлэв.
“Алдарт эх” 1 дүгээр зэргийн одонд 12 материал, 2 дугаар зэргийн одонд 149 эхийн материалыг дэмжиж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнтэй сургалт явуулах, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдэд сургалт зохион байгуулах, 2024 оны 1-р ээлжийн цэрэг татлага явуулах үйл ажиллагааны зардлыг мөн шийдвэрлэсэн юм.