Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН “АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Ахлагч бүрэлдэхүүний анхдугаар чуулган”-ыг энэ сарын 29-ний өдөр Мандалговь хотноо зохион байгууллаа.


Тус чуулганы нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монгол Улсын гавьяат хууль, Хошууч генерал Ж.Содном, Хошууч генерал П.Одонбаатар, Хошууч генерал Б.Баярмагнай, Монгол Улсын анхны эмэгтэй генерал болох Бригадын генерал Г.Болор болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцов.



Чуулганы нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ “Ахлагчийн жил”-ийг тохиолдуулан зохион байгуулах олон талт арга хэмжээний хүрээнд ахлагчийн бүрэлдэхүүнийг чадавхжуулж, хөгжүүлэх, тэдний гэр бүл, нийгмийн хамгаалал, ажлын орчныг сайжруулах чиглэлээр бодит ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Дундговь аймгийн хэмжээнд Цэргийн гавьяаны одонт Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс зэрэг зургаан байгууллагад нийт 220 орчим ахлагч ажиллаж байна. Тус жилийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй “Аймгийн ахлагчийн зөвлөл”-ийг байгуулсан байна.




Энэ үеэр салбар салбартаа манлайлан ажиллаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарт болон “Ахлагч бүрэлдэхүүний анхдугаар чуулган”-ыг угтан зохион байгуулсан “Цол бүхэн сайхан” таван төрөлт тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулсан юм. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 25-р ангийн жолооч, гал унтраах автомашины жолооч, ахлагч У.Бямбасүрэнг ахлах ахлагч цолоор, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Бямбадалайг цагдаагийн дэд ахлагч цолоор тус тус шагналаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа