Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар дамжуулан шууд дамжууллаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун удирдан явуулав.
Хурлын эхэнд энэ сарын 4-ний өдөр зохион байгуулсан шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар танилцуулаа. Мөн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Өргөдөл гомдол, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Пэрэнлэймаа танилцуулсан юм. Тус хурлаар цаашид өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг иргэдэд чирэгдэл багатай байлгаж, хуулийн хугацаанаас өмнө шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Аймгийн төвийн гэрэлтүүлэг, золбин нохой, муур устгал, хог ачилт, цэвэрлэгээний асуудлыг хэлэлцэн, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан зарлалын самбарыг буулгах талаар холбогдох байгууллагуудад үүрэг өгөв.
Шуурхай хурлын үеэр Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Хулан мэдээлэл өгч, төрийн байгууллагуудын анхаарал шаардлагатай асуудлуудыг дурдлаа. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун төрийн өмчийг стандартын дагуу болгож, зөв зохистой ашиглах, ашиглалтыг сайжруулах ажлыг зохион байгуулахыг чиглэл болгосон юм.
Сумдад эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг төрийн байгууллагуудад мэдээлж, чанартай хийлгэх тал дээр анхаарах, нөхөн сэргээлт нэртэйгээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа асуудал дээр холбогдох байгууллагууд болон сумдад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.