Цагаандэлгэр сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ТАНИЛЦУУЛГА

              Ардын хувьсгалаас өмнө Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуунд харъяалагдаж байсан Баруун, Зүүн Шээжин, Асад, Уут, Муж, Ухаатай 6 отгийг хамарсан Цагаандэлгэр сумын Дэлгэр их уулын аймгийн Зогсоол жаргалант уулын хошуунд харъяалуулан 1924 оны намар байгуулжээ.  Тус сум 1948 онд бүх ажлаараа улсад 1-р байр эзэлж Засгийн газрын хүндэт үнэмлэх, 5000 төгрөгөөр, 1951 онд Засгийн газрын жуухаар, 1954 онд анхны хоршоо нь улсад 3-р байр эзэлж шагнуулсаны гадна аймгийн уралдаанд удаа дараа тэргүүлж, айрагджээ. 1974 онд малын зүй бус хорогдлыг эрс багасгасан амжилтаараа МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв Зөвлөл, МХЗЭ-ийн Төв Хорооны диплом, 10 мянган төгрөгөөр, 1982 онд мал онд оруулах, төл бойжуулах ажлаар зарласан уралдааны болзлыг 40 суурийн 88 малчин биелүүлж дээрхи газруудын мөнгөн шагналаар шагнагджээ.       

          Цагаандэлгэр сумаас Гавъяат хуульч Монголын Алтанхуяг, гавъяат багш Доржийн Дамдинжав, гавъяат жүжигчин Гончигзундуйн Алтанцэцэг, гавъяат тамирчин Дугарбаатарын Лхавгаа, гавъяат малын эмч Шархүүгийн Цэрэндорж, гавъяат эдийн засаг Нямдолгорын Сампилноров, гавъяат уурхайчин Галбадрах, Монгол улсын начин Гомбын Цэрэнчимид, Гарваагийн Олзгэрэл нар төрөн гарчээ. Цагаандэлгэр сумын “Мөнхийн хүлэгтэн” уяачдын холбоо нь 1996 онд 21 гишүүнтэйгээр үүсэн байгуулагдаж байсан бөгөөд анхны тэргүүнээр Ч.Мөнхнаст, нарийн бичгийн даргаар С.Хүрэлхуяг нар сонгогдож байжээ. Одоо 108 уяачтай. Тэдгээрээс 17 нь аймгийн алдарт уяач, 27 нь сумын Алдарт уяач цолтой. 2014 онд ММСУХ-ны шилдэг салбар холбоонуудын нэг болсон.              

               Монгол Улсын Ерөнхий Прокуророор хоёронтоо сонгогдон ажилласан Гавъяат хуульч М.Алтанхуяг, Улсын бага хурлын гишүүн, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Н.Сампилноров нарын төр нийгмийн зүтгэлтнүүд, Баруун Чойрын хийдээс Ловон хувилгаан Доржжанцан, Агваанданзанням, Санжандагва, Данзанням гүртэн, Иш-Чүлтэм, Данзан яринпэл, Шаравжамц зэрэг ном сүмбэм бичсэн эрдэмтэд, алдарт зурхайч Жамбалгарав, Жамъянгарав, маарамба Содов, Гунгаа, Гэндэнцогпэл, Данзандаржаа, Гончигчүлтэм нарын олон эрдэмтэн мэргэд төрөн гарсан бөгөөд өнөө үед тэдгээрийг залгамжлан Нямдолгорын Сампилноров, Төмөр-Очирын Намжил, Ойдовын Давгадорж нар дэд доктор, докторын зэрэг хамгаалсан байна.            

                Цагаандэлгэр сумын хүн амын 100 шахам хувь нь боржигин овогтой юм. Хараат, Дэлгэрэх зам, Жаргалан, Замын улаан гэсэн 4 багтай, 367 өрхөд 1002 хүн амьдардаг. Сумын эдийн засгийн гол бааз суурь нь МАА бөгөөд 2014 оны жилийн эцсээр 93126 толгой мал тоолуулсан. Үүнээс:

*Тэмээ-530

* Адуу-5414

*Үхэр-1977

*Хонь-43518

 *Ямаа - 41687          

          Сумын төв <<Хараат>> нь нийслэл Улаанбаатараас 200км, Говь-Сүмбэр аймгаас 62км, Дундговь аймгийн төвөөс 150км зайтай орших бөгөөд 342.8 мянган га нутаг дэвсгэрийг эзэлдэг. Газар зүйн байршил. Цагаандэлгэр сум Монголын дорнод талын их мужийн ухаа гүвийн талын дэд мужид оршино. Хойд зүүн хойд талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян уул, зүүн урд талаараа Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум, Баянтал, урд баруун урд талаараа Дундговь аймгийн Говь-Угтаал, Дэрэн сумтай хиллэж аймгийнхаа нутгийн зүүн хойд талд нь байрладаг.       

              Сумын нутаг засварын бүснээс хээрийн бүсэнд гүнзгийрч шилжсэн, ургамлын бүрхэвчийн үндсэн төрх нь цөлөрхөг хээрийн шинжтэй. Сумын нутаг цаг уурын хувьд эрс тэс эх газрын шинжтэй. Ерөнхийдөө цэлмэг, хуурай агаартай тунадас бага, баруун хойд зүгийн салхитай. Өвлийн улиралд туйлын хүйтэн, агаарын масс үе үе хүчтэй нэвтэрнэ. Үргэлжилсэн цасан бүрхэвч 150-160 хоног байх тохиолдол цөөн биш тохиолдоно. Зарим үед нутгийн малчид зудын бэрхшээлээс гарахын тулд 160-170км газарт отор нүүдэл хийдэг.Газар нутаг. Нийт газар нутгийн хэмжээ 342780,7 гаХААН газар – 339155,5Хот суурин тосгон – 878,7Зам сүлжээ – 2476,5Усан сан – 270,0Цаг уурын нөхцөл. Жигд биш, эрс тэс уур амьсгалтай. Дулааны улиралд ихэвчлэн халуун хуурай, харин өвөлдөө хүйтэн, цас их унадаг. 

          *1 дүгээр сарын дундаж температур нь -24 -25 хэм хүйтэн   

          *7 дүгээр сарын дундаж температур нь 18-20 хэм дулаан байдаг.   

          *Жилийн дундаж салхины хурд нь 4-9 м/с   

          *Жилд орж тунадасны нийлбэр нь 200-250 мм